P2013-11-25 - Шаазан эдлэл

Ангилал: Бараа судлал
 Шаазан эдлэл

Шаварлаг түүхий эд, эрдэс бодисоос гадна шаазангийн бөх бат бусад шинж чанарыг сайжруулах зориулалт бүхий ашигт хольцыг агуулсан, шатаасны дараа хатуу байдалд шилжиж чаддаг бүтээгдэхүүнийг шаазан гэнэ.

Шаазан эдлэл нь МЭӨ 5000 гаруй жилийн тэртээд үүссэн гэж үздэг. Манай тооллын өмнөх 3000 жилд Хятадад шаазан эдлэл дэлгэрсэн байна. Түүний дараа Итали, Египет, Грек улсад шаазан эдлэл дэлгэрч 1724 онд Орос оронд Москвагийн ойролцоо анхны шаазан эдлэлийн завод байгуулагджээ.

Шаазан эдлэлийг зориулалт, бүрэлдэхүүнээр нь ангилж авч үздэг. Зориулалтаар нь өргөн хэрэглээний шаазан эдлэл, барилгын шаазан эдлэл гэж 2 ангилна.

 Шаазан эдлэлийн хэрэглээний шинж чанар

 Шаазан эдлэлийн хэрэглээний шинж чанарыг эдэлгээний эрүүл ахуйн, гоо сайхны шинж чанарын үзүүлэлтүүдээр тодорхойлно. Ердийн болон гангар шаазан сав суулганы хэрэглээний шинж чанарын үзүүлэлтүүд шаазангийн физик, химийн шинж чанараас хамаарч байдаг.

Шаазангийн шинж чанарын голлох үзүүлтүүдэд:

1. Сүвэрхэг шинж: Энэ үзүүлэлт нь шаазангийн ус, чийг нэвчүүлэх, шингээх түвшингээр тодорхойлогдоно. Сүвэрхэг бүтэцтэй байх тусмаа эдлэлийн бат бөх, дулааныг тэсвэрлэх, химийн болон эрүүл ахуйн шинж, гэрэлтэлт нь буурдаг.

2. Гэрэлтэлт. Гэрэл нэвтрүүлэх шинжийг хатуу ба зөөлөн гангар эдлэлд тодорхойлно. Энэ шиж нь шаазангийн бүтцийн шилэрхэг фаз, сүвэрхэг шинжээс хамаарна. Хатуу шаазангийн ханын зузаан 2мм хүртэл байхад гэрэл нэвтрүүлэлт нь 0,09-0,15% байдаг. Зөөлөн шаазанд энэ шинж илүү сайн байна.

3. Паалангийн гялалзалт. Гэрлийг толь мэт тусгах, онгойлгох чадвараар тодорхойлогдоно. Энэ шинж нь паалангийн бүрэлдэхүүн, гадаргуугийн жигд байдлаас хамаарна.

4. Механик шинж чанар. Шаазанг хатаах үед бат бөх шинж нь нэмэгдэж, цохих, сунгах, тахийлгах зэрэгт бат бөх нь буурдаг. Хатуу шаазангийн бат бөх хатаах үед 450-550МПа, сунгахад 40МПа, цохих, давтах үед 0,1-0,2МПа болдог шаазангийн паалангийн хатуулга янз бүр байдаг.

5. Дулаан тэсвэршил. Дулаан тэсвэршил нь хатуу гангар шаазан сав суулганд 165оС, ердийн өнгөгүй паалантай шаазанд 145оС, өнгийн паалантай шаазанд 115оС, өнгөлгөөтэй вааран эдлэлд 130-150оС байна.

6. Химийн тэсвэршил. Энэ шинж чанарыг нь тодорхойлохдоо ус чийгийн болон хүнсний хүчил шүлтийн үйлчлэлт өөрчлөлт үзүүлэхгүй байх чадвар, хоргүй байх, эдлэлийн эрүүл ахиун шинж чанарын үзүүлэлтээр тодорхойлогдоно.

7. Гангар болон ердийн шаазан сав суулганы стандартын үндсэн үзүүлэлтүүдэд:

a. Зориулалтын үзүүлэлт. Сав суулганы үндсэн хэмжээг гүехэн эдлэлд шугаман, гүнзгий эдлэлд багтаамжыг, гадаргуугын жигд байдалд, тэсвэршил, ус чийг шингэх түвшин, дулааны тэсвэршил.

b. Бат бөхийн үзүүлэлт. Доргилт, цохилтод тэсвэрлэх байдал, Деталь хэсгүүдийн холболт, паалангийн болон хээ чимэглэлийн угаах үйлчлэлт тэсвэрлэх, хүчил, шүлтийн үйлчлэлт тэсвэрлэх чадвар.

c. Урлал гоо сайхны үзүүлэлт. Өнгө, гэрэлтэт, паалангийн гялалзалт, хэлбэр хэмжээ, хээ чимэглэлийн зохицол, зохиогчийн сэтгэмж дүрслэл, жиших загвартай нийцэх байдал.

d. Эрүүл ахуйн үзүүлэлт. Хэрэглээнд тохиромжтой, барихад эвтэй, жин даацын хувьд зохицох, хоргүй, деталуудын тэнцвэртэй байдал, өнгөлгөөгүй хэсэгт жигд толигор байх.

Шаазангийн бүтэц байгууламж

Шаазанг эх биенийх нь бүтэц, нягт, хэв шинж, төрөл, янз төрөл, өнгөлгөөний байдлаар нь ангилдаг. Шаазанг эх биений бүтцээр нь бүдүүн ба нарын шаазан гэж ангилдаг. Бүдүүн шаазан эдлэлд вааран эдлэл, тоосго, вааран хавтан, дээвэр зэрэг жигд биш сүвэрхэг бүдүүн ширхэгтэй үндсэн өнгөөрөө шаргал бордуу өнгөтэй материалууд хамаарагдана. Нарийн шаазан эдлэл нь цагаан ба цайвар өнгийн жигд, нягт байгууламжтай байдаг. Шаазанг нягтаар нь:

- Нягт сайтай

- Сүвэрхэг бүтэцтэй гэж ангилна.

Нягт бүтэцтэй шаазан нь ус, чийг шингээлт нь 5% хүртэл байдаг. Сүвэрхэг бүтэцтэйд ердийн шаазан эдлэл, вааран эдлэл, паалантай вааран эдлэл хамаарна. Ус чийг шингээлт нь 5% -иас дээш байдаг. Шаазанг бүтэц шинж чанараас нь хамааруулан:

1. Гангар шаазан эдлэл:

Энэ шаазан эдлэл нь нимгэн, нягт, хатуу, химийн үйлчлэлд тэсвэртэй, шаазангийн үедээ гялалзсан, хөх туяатай, гялгар цагаан өнгийн шаазан юм. Гангар шаазанг хатуу ба зөөлөн гангар гэсэн 2 төрөлд ялгана. Хатуу гангар шаазангийн бүрэлдэхүүнд 50% нь шаварлаг, 25% халамтгай бодис байна. Зөөлөн шаазангийн бүрэлдэхүүнд хайлах шинж чанар сайтай бодис болох хээрийн жонш, ясны үнс гэх мэт бодис 53% д нь, 32% д нь шаварлаг бодис, 15% д нь кварц, кварцын элс агуулсан байдаг.

2. Хагас гангар шаазан эдлэл:

Гэрэлтдэггүй, ус чийг шингээлт 0,5 – 5% байх ба янз бүрийн сав суулга, урлал чимэглэлийн эдлэл үйлдвэрлэхэд илүүтэй ашиглана.

3. Ердийн шаазан эдлэл:

Сүвэрхэг бүтэцтэй, гэрэлтдэггүй, цагаанаас цагаан шаргал туяатай цагаан өнгийн шаазан юм.

4. Майолик эдлэл:

Үл гэрэлтэх сүвэрхэг бүтэцтэй нимгэн шаазан, цагаарч шатдаг зуурмагаас, өнгөт зуурмагаас бэлтгэсэн гэсэн 2 төрөл байна. Чийг шингээлт нь цагаан вааранд 12%, өнгөт вааранд 16% байх ба ердийн шаазанг бодвол бат бөх, дулааныг тэсвэрлэх шинжээр илүү, гоёмсог шаазангийн төрөл юм.

5. Гончар эдлэл:

Энэ нь зузаан ханатай, бүдүүвтэр ширхэгтэй, сүвэрхэг гол төлөв янз бүрийн өнгөөр будагдсан байдаг. Шаазангийн дээрхи хэв шинжийг тодорхойлохдоо түүхий эдийн төрөл, хольцын жигд нунтаглагдсан байдал, орц жор, боловсруулалт, зуурмагийн болон өнгөлгөөний бүтэц, бүрэлдэхүүн, шатаалтын температур, хугацаа зэргийг харгалзан үздэг. Өнгөлгөөгөөр нь шаазанг пааландсан, пааландаагүй гэж ялгана. Пааланг тунгалагжуулсан, бүдэгрүүлсэн, өнгөтэй ба өнгөгүй, гадаргууг нь гялалзалт сайтай, цайвар, олон өнгийн судалтай, хээтэй гэх мэтээр заслал чимэглэлийн төрлөөс нь хамааруулан ангилна.

Шаазан эдлэлийн ангилал, нэр төрөл

Шаазан эдлэлийн нэр төрлийг шаазангийн хэв шинж, зориулалт, эдлэлийн төрөл, хэлбэр, хэмжээ, хэв маяг, заслал чимэглэл, хээний бүлэг, иж бүрдлээр нь ангилна.

1. Шаазангийн хэв шинжээр нь гангар, хагас гангар, заримдаг шаазан, майолик, гончар эдлэл гэж ялгана.

2. Зориулалтаар нь ресторан, хоолны газар, өргөн хэрэглээний зориулалттай сав суулга гэж ангилна.

3. Шаазан сав суулганы нэр төрөл. Эдлэлийн нэр төрөл нь ихэвчлэн зориулалттайгаа холбоотой нэрлэгдэж ялгагдана.

4. Шаазан сав суулгыг хэлбэрээр нь ялгахдаа их биений хэлбэр, бүтэц хэсгүүдийн, онцлогоор нь суурьтай, бариултай, сэнжтэй, тагтай гэх мэт, гадаргуйн шинжээр толигор, товгор хээтэй, ирмэг хүрээгээр нь тэгш, долгиотсон гэх мэтээр ялгана.

5. Шаазан эдлэлийг хэмжээгээр нь жижиг, дунд, том гэж ялгана. Хатуу гангар шаазанг хананы зузаанаар нь ердийн, зузаан, нимгэн ханатай гэж ялгана.

6. Заслалын төрлөөр нь буулгамал, хэвлэмэл, зурмал, товгор, кракле, өнгийн судал бүхий хээтэй, хээний групп нь хээний төрөл, хэрэглэж байгаа будаг, хээ зургийн хослол, нэмэлт заслалын ажиллагаанаас хамаарч ангилна.

7. Иж бүрдэл сав суулга ширхэгийн, хос, набор, комплект, прибор, сервиз, гарнитур гэж ангилдаг.

Набор: Нэг төрлийн сав суулганы иж бүрдэл юм.

Комплект: Зориулалтын хувьд ижил хэд хэдэн төрлийн сав суулгын бүрдэл.

Прибор: Янз бүрийн зориулалттай набор ба комплект хэрэгсэл.

Сервиз: Цайны, кофены, гуанзны гэх мэт тодорхой зориулалтаар хэрэглэж хүнийхээ тоогоор ялгагддаг сав суулганы бүрдэл.

Шаазан эдлэлийн чанар

Шаазан эдлэлийн хэрэглээний шинж чанар, марклах, савлах, хадгалах, тээвэрлэх нөхцөлийн үзүүлэлтүүдийг стандартад тодорхойлж норматив тогтоосон байдаг. Үүнд:

1. Зориулалтын шинж чанарыг үзүүлэлтэд эдлэлийн хэмжээ, чийг шингээлт, дулаан тэсвэршилт зэрэг үзүүлэлтийг авч үздэг бөгөөд чийг шингээлт ердийн хатуу гангар эдлэлд 0,2%, нам температурын гангар эдлэлд 0,8%, нимгэн ханатай гангар эдлэлд 3,0%, заримдаг шаазанд 12%, майолик эдлэлд 12-16% байна. Дулаан тэсвэршилт гангар шаазанд 150оС, өнгөгүй паалан бүхий заримдаг шаазанд 115оС, майолик эдлэлд 130-150оС байна.

2. Найдварт байдлын үзүүлэлт: Хавтгай эдлэлийн бат бөх, деталиудын холболтын бат бөх, сав суулганы хүчил шүлтийн үйлчлэлт тэсвэрлэх байдал гэх мэт үзүүлэлтүүд хамаарна.

3. Шаазан эдлэлийн эрүүл ахиун шинж чанарыг тодорхойлох үзүүлэлтэд шаазангийн будаг, паалан нь хортой шинж чанар бүхий хольцыг агуулаагүй хэрэглэхэд тохиромжтой, таг нь жигд нягт таглагддаг цайны болон кофены гүцийг 70оналуутай тонгойлгоход таг нь унахгүй байх деталь хэсгүүдийн зохицол тэнцвэртэй байдал зэрэг үзүүлэлтээр тодорхойлогдоно.

4. Гоо сайхны үзүүлэлтэд гялалзалт, гэрэл нэвтрүүлэлт, хэлбэр дүрс зохиомжын нэгдмэл шинж, өнгө заслал, хээ чимэглэлийн төрөл хамаарна. Гангар эдлэлд гялалзалт 60-65%, гэрэлтэлт нимгэн ханатай эдлэлд 2,5мм хүртлэхэд гэрэлтэж харагдах, зөв хэлбэртэй, тусгай хэсгүүд нь тэгш хэмтэй байрласан байх шаардлагатай. Деталь хэсгүүдийн өнгө нь эх биеийнхээ өнгөтэй зохицсон, паалан нь гадаргууг жигд зузаантай бүрхсэн паалангүй эдлэлийн ирмэг хүрээг нь өнгөлсөн толигор болгосон байх ёстой. Ямар нэг чанарын шаардлага хангаагүй, гэмтэлтэй эдлэлийг худалдаанд нийлүүлхийх хориглоно. Үүнд: Нэвт цав гарсан, Цууралттай, өнгөлгөөний эмтрэлт, толбодох, паалангийн ан цав гарсан, паалан, будаг нь урссан гэх мэт гэмтлүүдтэй бүтээгдэхүүнийг гологдол бүтээгдэхүүнд тооцно. Шаазан эдлэлийг чанараар нь 1, 2, 3 –р зэрэгт, майолик эдлэлийг 1-2 -р зэрэгт зэрэглэнэ. Нам температурын гангар шаазан сав суулгыг зэрэглэхгүй, худалдаанд нийлүүлж байгаа шаазан эдлэлүүдэд чанарын шалгалтыг хэсэг тус бүрээс нь нэг хувийн дээж болгон сонгон авч 10 аас дооргүй тоо хэмжээтэй эдлэлд шалгалтыг хийж хүлээн авна. Хүлээн авах явцад сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, савалсан арга технологи, стандартын дагуу бүрэн зөв хаяглалт хийгдсэн эсэхийг шалгаж хянана.

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax