P2013-12-01 - Гаалийн зөрчил түүнд хүлээлгэх хариуцлага

 ГААЛИЙН ЗӨРЧИЛ ТҮҮНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

·         Эрх зүйн эх сурвалж

·         Гаалийн зөрчил түүнд хүлээлгэх хариуцлага

·         Бараа устгах, улсын орлого болгох, барааг барьцаалах

1.      Гаалийн зөрчил, хариуцлага

Гаалийн эрх зүйн харилцаанд оролцогчид нь гаалийн хууль тогтоомжоор зохицуулж бэхжүүлсэн журмыг биелүүлээгүйн улмаас гаалийн зөрчил үүсдэг.

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх, нэвтрүүлэхийг завдах

Хууль бусаар хил нэвтрүүлсэн гэдэг нь хууль ёсны зөвшөөрөлгүй гаалийн үзлэгээс гадуур, хилийн гарцгүй газраар, эсвэл гаалийн үзлэгээс нуун далдлах, гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэг бичихгүйгээр орхих буюу худал бичих зэрэг аргаар бараа, тээврийн хэрэгслийг МУ-ын гааль, хилийн үзлэг шалгалтанд хамруулахгүйгээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдлүүдийг ойлгоно. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тийнхүү нэвтрүүлэхийг завдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 5000-25000, аж ахуйн нэгж, байгууллагыг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, тухайн зөрчилд холбогдох барааг хураан авах бөгөөд хураан авах бололцоогүй бол үнийг гаргуулан авна. Хязгаарласан барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тийнхүү нэвтрүүлэхийг завдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 10000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 30000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, зөрчилд холбогдох барааг хураан авах бөгөөд хураах бололцоогүй бол үнийг гаргуулан авна.

Хориглосон барааг гаалийн хилээр нэвтрүүлэх

Хориглосон барааг гаалийн хилээр нэвтрүүлсэн, эсхүл тийнхүү нэвтрүүлэхийг завдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, зөрчилд холбогдох барааг хураан авах бөгөөд хураан авах бололцоогүй бол үнийг гаргуулан авна.

 

1.      Бараа, тээврийн хэрэгсэлийг нуувч болгон ашиглах

Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор өөр барааг нуувч болгон ашигласан бол нуувч болгон ашигласан барааг хураан авах, хураан авах бололцоогүй бол үнийг гаргуулан авна. Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар тоноглож, нуувч болгон ашигласан гэм буруутай этгээдийн тухайн тээврийн хэрэгслийг хураан авах бөгөөд хураан авах бололцоогүй бол үнийг гаргуулан авна.

Мэдүүлэх журам зөрчих

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэх журам зөрчсөн бол 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөх

Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, ачсан, буулгасан, шилжүүлэн ачсан бол иргэнийг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр олгосон бол тухайн бараанд ногдох гаалийн болон бусад татварыг төлүүлж, зөрчил гаргасан ажилтан, албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

Тээвэрлэгч үүргээ үл биелүүлэх

Тээвэрлэгч үүргээ биелүүлээгүй бол 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

Гаалийн битүүмжлэлийг гэмтээх, хаяг өөрчлөх

Гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр гаалийн хяналтад байгаа барааны хаягийг өөрчилсөн, гаалийн байгууллагаас тавьсан лац, ломбыг санаатайгаар гэмтээсэн, эсхүл арилгасан бол иргэнийг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 30000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

 

1.      Гаалийн хяналтын талбайн дэглэм зөрчих

Гаалийн хяналтын талбайн дэглэм зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол иргэнийг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

Бүрдүүлэлтийн горим зөрчих

Гаалийн бүрдүүлэлтийн горим зөрчсөн бол иргэнийг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол тийнхүү буцаан нэвтрүүлэх байсан үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, үнэ, тоо хэмжээг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан этгээдийг дээрх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгагдсан бол тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, үнэ, тоо хэмжээг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан этгээдийг дээрх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

Гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх

Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан гаалийн улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол иргэнийг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Гаалийн улсын байцаагчийг албан үүргээ гүйцэтгэх үед доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан этгээдийг 10000-50000 төгрөгөөр торгох, эсхүл шүүгчийн захирамжаар 15-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна.

Бичиг баримт хуурамчаар үйлдэх

 

Гаалийн бичиг баримтыг албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

12. Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх

Гаалийн үнэ, татвар ногдох барааны тоо хэмжээг санаатайгаар бууруулах, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны ангиллыг худал мэдүүлэх зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гаалийн болон бусад татварыг төлүүлж, нөхөн төлүүлсэн татвартай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

13. Татварыг цаг хугацаанд нь төлөхгүй байх

Гаалийн болон бусад татварыг цаг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс бодож хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр татвар, торгуулийг үл маргалдах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, дансны гүйлгээг нь хааж, эсхүл төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилж болно. Торгох, эд хөрөнгө, бараа, тээврийн хэрэгслийг хураах хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг гаалийн улсын байцаагчийн шийдвэрээр, баривчлах шийтгэлийг шүүгчийн захирамжаар гүйцэтгэнэ.

Гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараах журмаар давж заалдаж болно:

1/ гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг тухайн гаалийн салбарын эрхлэгч, алба, хороо, газрын даргад

2/ гаалийн салбарын эрхлэгч, алба, хороо, газрын даргын шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагад

 

Давж заалдах гомдлын талаар зохих дээд шатны эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

2. Бараа устгах

Гаалийн хяналтанд байгаа, гэмтэж муудсан, чанарын шаардлага хангаагүйн улмаас эрүүл, ахуй, эрүүл мэнд байгаль орчинд хор нөлөөтэй байж болох барааг устгана. Устгах шаардлагатай нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд гаалийн болон бусад татвар ноогдуулахгүйгээр байгаль орчинд хор нөлөөгүй аргаар гаалийн хяналтан дор устгана. Барааг устгахдаа мэдүүлэгч, эсвэл түүний хүсэлтээр бараа эзэмшигчийг байлцуулж болно. Бараа устгах горим гэж гаалийн хяналтанд байгаа чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй барааг тарифын болон тарифын бус хязгаарлалт хэрэглэхгүйгээр цаашид анхны зориулалтаар ашиглах боломжгүй болгох хэлбэрт оруулан гаалийн хяналтан дор устгахыг ойлгоно.

Дараахь барааг устгаж болохгүй.

1. МУ-ын болон гадаад улс орнуудын ард түмний түүх, соёл, урлаг, археологийн үнэт зүйл, олдвор бүтээл

2. Улаан номонд бичигдэж ховордсон буюу устаж үгүй болоход хүрч буй амьтан, ургамалын төрөл зүйл

Хэрэв байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх элдэв төрлийн химийн болон цацраг идэвхит бодис устгах бол холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр тэдний хяналт зааврын дор аюулгүй байдлын зохих шаардлагыг хангаж устгал хийнэ.

3. Улсын орлогын бараа

Дараахь үндэслэлээр барааг улсын орлого болгоно. Үүнд:

1. Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас Гаалийн болон Эрүүгийн хуулийн дагуу хураагдсан

 

1.      Гаалийн бүрдүүлэлтийн явцад мэдүүлэгч нь хүлээн авахаас татгалзсан бараа, тээврийн хэрэгсэл

2.      Гаалийн агуулахад хадгалах хугацаа хэтэрсэн бараа, тээврийн хэрэгсэл

Гаалийн байгууллага борлуулах бөгөөд борлуулалтын орлогыг зарцуулах, улсын төсөвт оруулах журмыг Засгийн газар тогтооно. Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдсан бараа, тээврийн хэрэгсэл уг зөрчилд холбогдолгүй болох нь гаалийн удирдах төв байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр нотлогдвол түүнийг буцаан олгох бөгөөд хэрэв буцаан олгох боломжгүй бол гаалийн байгууллагын борлуулсан үнийг эргүүлж олгоно.

Дараахь тохиолдолд барааг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй шилжүүлдэг.

Буу, сум тэсрэх дэлбэрэх зүйлийг Батлан хамгаалах яаманд үнэ төлбөргүй

Тусгай хэрэгсэл, хүйтэн зэвсгийг ЦЕГ-т үнэ төлбөргүй

Эм болон эмийн бүтээгдэхүүнийг эмнэлгийн байгууллагад хөнгөлөлттэй үнээр

Дээр дурьдсанаас бусад барааг үзэсгэлэн худалдаа, дуудлага худалдаа, тендерийн журмаар борлуулна.

Мэдүүлэгч хүлээн авахаас татгалзсан бараа гэдэгт гэрээнд зааснаас өөр бараа орж ирсэн, тээвэрлэлтийн явцад чанараа алдсан, хугацаа хоцорч ирсэнээс мэдүүлэгчид шаардлагагүй болсон, татвар төлөхөөс татгалзсан барааг ойлгоно.

Бараа, эд хөрөнгө барьцаалах

Татвар төлөгч нь гаалийн болон бусад татварыг барагдуулах зорилгоор банк, даатгалын байгууллагаар төлбөрийн баталгаа гаргуулж, эсхүл бараа эд хөрөнгө барьцаанд өгч болно. Барьцаанд өргөн хэрэглээний болон үйлдвэрлэл техник хэрэглээний бараа, тээврийн хэрэгсэл, валют, валютын үнэт зүйл, үнэ цаас авч болно.

Дараах барааг барьцаанд авахыг хориглоно.

Хориглосон болон хязгаарласан бараа

Өргөн хэрэглээний бус, борлуулалт удаан буюу борлуулах боломжгүй бараа

 

1.      Гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа мөн эсэх нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдох шаардлагатай

2.      Хадгалах хугацаа нь дуусч байгаа, түргэн гэмтэж чанараа алдах, эвдэрч хэмхэрсэн эд анги дутуу бараа

3.      Тэсрэх бодис, сум дарь, шүдэнз, асаагуур, цэнэглэгч, зарим төрлийн шатагч бэлдмэл

Мэдүүлэгчийн гаалийн байгууллагад мэдүүлсэн нийт бараанд ногдуулсан татварыг 2 дахин өсгөсөн дүнтэй дүйцэх хэмжээний барааг гаалийн үнээс тооцож барьцаална. Барьцааны гэрээг 1 сар хүртэл хугацаагаар байгуулах бөгөөд гаалийн байгууллагад өртэй, татварын барьцаанд бараа нь байгаа, төлбөрөө барагдуулж дуусаагүй этгээдтэй барьцааны гэрээ байгуулахгүй. 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax