P2013-12-01 - Онцлог нислэг үйлдэх журам

 ОНЦГОЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЖУРАМ

 Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмын зорилго нь улсын агаарын хөлгөөр онцгой үүргийн нислэг үйлдэхэд оролцогч байгууллагуудын үүрэг, харилцан ажиллагааг зохицуулахад оршино. 

 1.2. Энэ журам нь онцгой үүргийн нислэг үйлдэхэд улсын агаарын хөлгийг эзэмшигч /цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх/ байгууллагуудын баримтлах үндсэн баримт бичиг болно.

1.3. /Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 403 тот тушаалаар хассан/ 

1.4. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд болон гадаад улсын дээд хэмжээний зочин төлөөлөгчид иргэний нисэхийн агаарын хөлгөөр зорчих тохиолдолд энэ журмыг мөрдөхгүй.

 Хоёр. Нислэгийн захиалга /төлөвлөлт/

 2.1. Захиалагч нь орон нутгийн агаарын зайд нислэг эхлэхээс 3 хоног, олон улсын агаарын орон зайд нислэг эхлэхээс 14 хоногийн өмнө онцгой үүргийн нислэгийн захиалгыг гаргаж, Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлалаар дамжуулан улсын агаарын хөлгийн эзэмшигч  байгууллагад  хүргүүлнэ.

 2.2. Улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллага нь орон нутгийн агаарын зайд үйлдэх онцгой үүргийн нислэгийн захиалга/төлөвлөлт/-ыг нислэг эхлэхээс 72 цагаас багагүй хугацааны дотор ИНЕГ-т хүргүүлнэ

 2.3. Захиалга авсан улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллага /гүйцэтгэгч/ нь онцгой үүргийн нислэгийг хариуцан зохион байгуулах бөгөөд гүйцэтгэгчийн тавьсан шаардлага, хүсэлтийг нислэгийн үйл ажиллагаанд оролцогч бүх байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. 

 Гурав. Нислэгийн зөвшөөрөл олгох

 3.1. Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлагч нь онцгой үүргийн нислэгийн захиалагч байгууллагын захиалга, талуудын байгуулсан гэрээг хянан үзээд "Нисэхийн хэлтэс"-ээс онцгой үүргийн нислэгт бэлтгүүлэх комиссыг томилж, нислэгийн удирдамжийг боловсруулан ЗХЖШ-ын даргаар батлуулна.

 3.2. Онцгой үүргийн нислэг үйлдэх зөвшөөрлийг Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлалын санал, дүгнэлтийг үндэслэн ЗХЖШ-ын дарга олгоно.

Дөрөв.  Нислэг үйлдэх улсын агаарын хөлөг, нисэх баг

 4.1. Онцгой үүргийн нислэгт ашиглах улсын агаарын хөлөг нь Зэвсэгт хүчний АДХЦ-ийн нисэхийн хэлтсийн "Сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн алба"-наас олгосон агаарын хөлгийн бүртгэлийн болон нислэгт тэнцэх чадвар/НТЧ/-ын гэрчилгээтэй, хоёроос доошгүй хөдөлгүүртэй байна.

 4.2. Онцгой үүргийн нислэг үйлдэх үндсэн ба нөөц нисэх багийн гишүүдийг улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын даргын тушаалаар томилно.

 4.3. Онцгой үүргийн нислэг үйлдэхээр томилогдсон улсын агаарын хөлгийн нисэх багийн гишүүд нь Зэвсэгт хүчний АДХЦ-ийн нисэхийн хэлтсийн "Сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн алба"-наас олгосон мэргэжлийн үнэмлэх болон нисэхийн  мэргэжлийн 2 буюу 1 дүгээр зэрэгтэй байна.

4.4. Онцгой үүргийн нислэгийн үүрэг гүйцэтгэх нисэх багийн бүрэлдэхүүнд багш нисгэгчийг оруулах бөгөөд шуурхай удирдлагаар хангахын тулд АДХЦ-ийн "Нисэхийн хэлтэс"-ийн  эрх бүхий байцаагч /шалгагч/ нисгэгчийг томилж болно.

 4.5. Онцгой үүргийн нислэг үйлдэх улсын агаарын хөлгийн нисэх багийн гишүүд нь "Нисэхийн эрүүл мэндийн комисс"-ын үзлэгээр орж, гэрчилгээ авсан байна.

 4.6. Нисэх багийн бүрэлдэхүүнд онцгой үүргийн нислэгийн  нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Төрийн тусгай хамгаалалтын газар /цаашид ТТХГ/-ын ажилтан томилогдон үүрэг гүйцэтгэнэ .

 Тав. Агаарын хөлгийг нислэгт бэлтгэх, нислэг үйлдэх

  5.1. Улсын агаарын хөлгийг онцгой үүргийн нислэгт бэлтгэх ажиллагааг Зэвсэгт хүчний АДХЦ-ийн "Нисэхийн хэлтэс"-ээс томилогдсон комиссын удирдлагын дор агаарын хөлгийг эзэмшигч байгууллага гүйцэтгэнэ.

5.2. Агаарын хөлгийг онцгой үүргийн нислэгт бэлтгэх инженер, техникийн бүрэлдэхүүн нь Зэвсэгт хүчний АДХЦ-ийн нисэхийн хэлтсийн "Сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн алба"- наас олгосон мэргэжлийн үнэмлэхтэй байна.

5.3.Онцгой үүргийн нислэгийн агаарын хөлөгт хийх техникийн үйлчилгээг ЗХЖШ-ын даргын  баталсан "Нисэхийн инженерийн албаны заавар" болон "Техник үйлчилгээний заавар" -ын дагуу  гүйцэтгэнэ.

5.4. "Нисэхийн хэлтэс"-ээс томилогдсон комисс нь онцгой үүргийн нислэг үйлдэх агаарын хөлгийн баримт бичгийн бүрдэлт, агаарын хөлөгт хугацаа /төлөвлөгөө/-т үйлчилгээ хийгдсэн байдал болон техникийн ашиглалтад үнэлэлт өгч, нисэх багийн бүрэлдэхүүний нислэгийн урьдчилсан болон өмнөх бэлтгэлийг хангуулснаар тухайн агаарын хөлгийг агаарт шалгах нислэг үйлдэх  зөвшөөрөл олгоно.

 5.5. Агаарын хөлгийн нислэг-техникийн үзүүлэлтүүдийг шалгах  зорилгоор нисэх баг нь "Нисэхийн хэлтэс"-ийн байцаагч /шалгагч/-нисгэгчийн хяналтын дор "Нислэгийн ашиглалтын заавар"-ын дагуу  30 минутаас багагүй хугацаагаар шалгах нислэгийг үйлдэнэ.

5.6. Шалгах нислэгээр агаарын хөлгийн нислэг-техникийн үзүүлэлтүүд хэвийн  тохиолдолд "Нисэхийн хэлтэс"-ээс томилогдсон комисс нь 2 хувь акт үйлдэн Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлагчаар баталгаажуулж, 1 хувийг Төрийн тусгай хамгаалалтын газарт хүргүүлнэ.        

5.7. "Нисэхийн хэлтэс"-ээс томилогдсон комиссын акт баталгаажснаар тухайн агаарын хөлгийг онцгой үүргийн нислэгт бэлэн болсонд тооцно.

5.8. Онцгой үүргийн нислэгийн агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэхийг Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтны шууд хяналтын дор хийх бөгөөд шатахууны шинжилгээний дүн болон сорьцыг лацдаж, уг нислэг дуусах хүртэл хадгална.

Зургаа. Нисэх багт тавигдах шаардлага

 6.1. Онцгой үүргийн нислэг үйлдэж байгаа нисэх багийн дарга нь өдөр шөнийн цагт, цаг агаарын ердийн болон хүндэрсэн нөхцөлд зөвшөөрөгдсөн хязгаарлалтыг зөрчиж нислэг үйлдэхийг хатуу хориглоно.

6.2. Онцгой үүргийн нислэг үйлдэж буй нисэх багийн гишүүд нь нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөөрөлтийн үеийн жинг тогтоогдсон хэмжээний 80 хувиас хэтрүүлэхийг хориглоно

6.3. Онцгой үүргийн нислэг үйлдэж буй нисэх баг хоногт дунджаар 6 - 8 цагийн  нислэг үйлдэхийг зөвшөөрнө.

6.4. Онцгой үүргийн нислэг гүйцэтгэхээр томилогдсон нисэх багийн гишүүд нислэг үйлдэхээс өмнө 8 цагаас багагүй хугацаагаар унтаж амарсан байна.

6.5. Онцгой үүргийн нислэг үйлдэхээр томилогдсон нисэх багийн гишүүд /бүрэлдэхүүн /-ийг нислэг эхлэхээс өмнө 48 цагийн дотор өөр ажилд давхардуулан томилох болон хойшлуулшгүй онцгой нөхцлөөс бусад тохиолдолд тусгай үүрэг, ажиллагаанд татан оролцуулахгүй.

 Долоо. Нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах

7.1. Онцгой үүргийн нислэгийн батлагдсан чиглэл, цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар бол захиалагч байгууллага нь нислэг эхлэхээс 2-оос багагүй  цагийн өмнө энэ тухайгаа Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлал, ИНЕГ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд бичгээр мэдэгдэнэ.

7.2. Онцгой үүргийн нислэгтэй холбогдсон төлбөр, тооцоог захиалагч болон гүйцэтгэгч талуудын хоорондын гэрээгээр зохицуулна.

 Найм. Аэродромын ашиглалт, хангалт

 8.1. Улсын агаарын хөлгөөр онцгой үүргийн нислэгийг үйлдэхэд ИНЕГ-ын харъяа нисэх буудлууд нь Иргэний агаарын хөлгийн онцгой үүргийн нислэгийн журамд  заасны  дагуу үйлчилнэ.        

8.2. Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын дагуу ИНЕГ харъяалах сум, дүүргийн засаг даргатай хамтарч онцгой үүргийн нислэгийн үеийн нислэг үйлдэх аэродром болон аэродром орчмын аюулгүй бүсийг тогтооно.

8.3. ИНЕГ болон нислэгийн цаг уурын төв нь онцгой үүргийн нислэг үйлдэх улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу аэродромууд, тэдгээрийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, цаг уурын болон нислэгийн бусад мэдээллээр хангах үйл ажиллагааг зохицуулна.

8.4. Онцгой үүргийн нислэг үйлдэж буй нисэх баг нь нислэгийн хөдөлгөөний холбогдох журам, зааврын дагуу хөөрөлт буултын цаг, агаарын хөлгийн байрлал, нислэгтэй холбоотой бусад мэдээлэлээ ИНЕГ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нислэгийн удирдагчид мэдээлнэ.

8.5. Гадаад улсад онцгой үүргийн нислэг үйлдэх бол Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох бусад эрхийн актын дагуу зохицуулна.

Ес. Зорчигч, ачаа, тээш болон нисэх буудлын үйлчилгээ

9.1. Төрийн өндөр албан тушаалтнууд, гадаад улсын дээд хэмжээний зочин, төлөөлөгчид нь онцгой үүргийн нислэгээр зорчих үедээ нисэх буудлын VIP танхимаар үйлчлүүлнэ.

 9.2. Нислэгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын дагуу нислэгийг захиалагч нь онцгой үүргийн нислэгийн зорчигч, ачаа, тээшний хэмжээг онцгой үүргийн нислэгийг гүйцэтгэгч байгууллагаас гаргаж өгсөн хэмжээнд байлгах үүрэг хүлээнэ.

9.3.  Онцгой үүргийн нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчид, тэдгээрийн гар тээш, ачааг тогтоосон журмын дагуу аюулгүй байдлын үзлэгт хамааруулна.         

9.4. Онцгой үүргийн нислэг үйлдэж буй агаарын хөлгөөр нислэгт оролцох зөвшөөрөл авснаас өөр зорчигч, ачаа, тээш тээвэрлэхийг хатуу хориглоно.

 9.5. Онцгой үүргийн нислэгийн үед агаарын хөлгийн дарга нь өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд түүний өгсөн үүрэг, шаардлагыг хөлгийн бүхээгт байгаа нисэх багийн гишүүд болон зорчигчид   биелүүлэх үүрэгтэй.     

Арав. Агаарын хөлгийн хамгаалалт

10.1. Нисэх буудалд хамгаалалтын бүсийг Төрийн тусгай хамгаалалтын газраас тогтооно.

10.2. Онцгой үүргийн нислэг үйлдэж байгаа агаарын хөлөг нь Төрийн тусгай хамгаалалтын объектод тооцогдоно.

10.3. Онцгой үүргийн нислэг үйлдэх агаарын хөлгөөр шалгах нислэг үйлдэж дуусмагц, агаарын хөлгийн харуул, хамгаалалтыг зохион байгуулах болон хамгаалалтын бүсэд шалган нэвтрүүлэх ажиллагааг ТТХГ хариуцна.

 10.4. Тусгай ажил үүрэг гүйцэтгэхээр томилогдсон бүрэлдэхүүн нь зөвхөн ТТХГ-ын ажилтны зөвшөөрлөөр нэвтэрнэ.

10.5. Шаардлагатай тохиолдолд Зэвсэгт Хүчний АДХЦ-ийн командлал нь ЗХЖШ-ын даргын шийдвэрийг үндэслэн байлдааны жижүүрлэлтийн хүч хэрэгслийг нэмэгдүүлж, агаарт жижүүрлэлт үйлдэх  болон агаарын хөлгийг дагалдан хамгаалах байлдааны онгоц, нисдэг тэргийг гаргаж, онцгой үүргийн нислэгийн агаарын хамгаалалтыг зохион байгуулна. 

 Арав нэг. Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй

 11.1. Онцгой үүргийн нислэгт зорчигч, үйлчлүүлэгчид болон нисэх багийн гишүүдийг баталгаат хүнсний бүтээгдэхүүнээр хангах асуудлыг ТТХГ, захиалагч байгууллага хариуцна.

11.2. Онцгой үүргийн нислэгтэй холбогдсон нисэх багийн гишүүдийн амрах байр, хоол хүнс болон бусад зардлын төлбөр, тооцоог захиалагч болон гүйцэтгэгч талуудын хоорондын гэрээгээр зохицуулна.

Арван хоёр. Нислэг дууссанд тооцох:

Онцгой үүргийн нислэгийг:

12.1. Онцгой үүргийн нислэгийг гүйцэтгэгч улсын агаарын хөлөг үндсэн аэродром дээр эргэж ирснээр

12.2. Онцгой үүргийн нислэгийг захиалагч нь аяллын зорилгоо биелсэн тухай улсын агаарын хөлгийг эзэмшигч болон үйлчлэгч бусад байгууллагуудад албан ёсоор мэдэгдсэнээр дууссанд тооцно.  

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax