P2014-01-11 - Монгол улсын гааль татварын үүсэл хөгжил

Ангилал: Гаалийн түүх
 МОНГОЛ УЛСЫН ГААЛЬ ТАТВАРЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

·         Дэлхий улс орнуудын гааль татварын үүсэл хөгжил

·         Монгол улсын гааль татварын үүсэл хөгжил

Татвар гэдэг нь эртний Грекийн Gift гэсэн үгнээс гаралтай гэх бөгөөд анх ард иргэд нь төрдөө сайн дурын үндсэн дээр хандив өгөх, бэлэг өгөх зэрэг өглөгийн шинжтэй үүссэн гэж судлаачид үздэг. Татвар нь төрийн үүсэл хөгжилтөй холбоотой эдийн засгийн харилцаа болохоор нэн эртний үүрэгтэй ажээ. Эртний Египет, Ром, Грек зэрэг орнуудад татварын анхны төрлүүд үүсчээ. МЭӨ зууны үед Египетэд хааны зарлигаар ард иргэд нь хаандаа татвар төлөх ёстой гэсэн үзэлтэй холбоотой байжээ. Ромын эзэнт улс бүх зүтгэлтнүүдээсээ татвар авах болсон нь хүн амын албан татварын суурь болсон гэж болно.

Татвар нь хүн бүрт үл хөдлөх хөрөнгөнд ногдуулж хураахад хялбар татварын төрлүүдийг бий болгожээ. Хүн бүрт болон үл хөдлөх хөрөнгөнд ногдуулах татвар нь шууд татвар байсан ба шууд бус татвар анхных нь импортын татвар байжээ. Эртний үеийн төрийн санхүүд татвар нь харьцангуй бага үүрэг гүйцэтгэж байсан бол орчин үед орлогын эх үүсвэр нь татвар болж байв. Ромд уугуул үндэстэй буюу газар нутаг нь эзлэгдсэн улс орны оршин суугчдын хооронд татварын бодлого өөр өөр байжээ. Ромд өв залгамжлалын хөрөнгөнд эхлээд 5%-иар, дараа нь 10%-иар татвар ногдуулж байжээ. Тухайлбал: Дэлхийн 2-р дайны үед орлогын албан татварыг нэлээд улс орнуудад хэрэгжүүлэх болсон нь татварын нийт орлогод гол үүрэг бүхий татвар болсон. Татварын системийн түүхэн хөгжилийг гурван үе болгон авч үздэг.

Нэгдүгээр үе: Энэ үед эртний болон дундад зууны үеүүд хамрагдсан байдаг. Энэ үед татварыг зохион байгуулалтгүй, санамсаргүй бодит хэлбэрээр ямар ч системгүйгээр ард, иргэдээс хурааж байсан. Таваар мөнгөний харилцаа бэхжихийн хэрээр татвар нь мөнгөн хэлбэрт шилжиж байв.

Хоёрдугаар үе: XVII зууны үед Европ тивд татварын систэм хөгжөөгүй байсан боловч энэ зууны сүүлчээр ихэнх улсуудын төсвийн орлогыг бүрдүүлэгч нь татвар болж байсан. Энэ үед татвар систэмтэй болж өөртөө шууд болон шууд бус татвар агуулдаг болсон. XVIII зууны сүүлчийн хагаст Европ тивд татварын системийн онол, практикийн асуудлуудыг боловсруулж эхэлсэн ба татварын системийн онолыг үндэслэгч Шотландын эдийн засагч-санхүүч А. Смит (1723-1790) "Ард түмний эд баялагийн үндэс ба шалтгааны тухай судалгаа" гэдэг номоо гаргажээ. Энэ номондоо татвар ногдуулалтын үндсэн зарчмын талаар: Засгийн газрын зардлыг санхүүжүүлэхэд шаардлагатай мөнгийг татварын аргаар цуглуулах нь хамгийн зөв хэлбэр юм.

Татварыг аль болох хэмнэлттэй авах ёстой. Энэ зарчим нь хүмүүсийн халааснаас авч байгаа мөнгө нь хамгийн тохиромжтой хэмжээтэй байх ёстой.

Тохиромжтой хялбар байх. Татварыг авахдаа татвар төлөгчийн хувьд хамгийн боломжтой цагт авах ёстой.

Тодорхой байх. Татварын хэлбэр төрөл, тоо хэмжээ нь хүн болгонд энгийн ойлгомжтой хялбар аргаар төлөгдөж байх ёстой.

Адам Смитийн татварын үзэл баримтлал нь хуримтлалыг урамшуулах, үйлдвэрлэх хүчний хөгжлийг түргэтгэх зорилготой байсан.

Гуравдугаар үе: Татварын системийн онол - Шинжлэх ухааны үндэс бүрэлдэн бий болсонтой холбоотой. Дэлхийн II дайны дараа шинжлэх ухааны үндэслэлтэй татварын өөрчлөлт, шинэчлэлтүүд хийгдэж, орчин цагийн татварын системийн үндэс суурь тавигджээ. XX зууны 80-аад онд нийтийн хүртээл болсон төслийн концепцийн дагуу татвар цуглуулалт нь татварын хувь хэмжээ, татварын суурь гэсэн үндсэн 2 зүйлээс хамаарна гэж үзэж байсан. Одоог хүртэл аль ч улсад татварын төгс боловсруулсан систем байхгүй байсаар байна.

МОНГОЛ УЛСЫН ГААЛЬ ТАТВАРЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Анхны хүй нэгдлийн задралын үед нийгмийн хөдөлмөрийн хуваарьт өөрчлөлт орж, газар тариалангаас гар урлал салан хөгжиж, хүмүүс өөр хоорондоо бараа таваар солилцох,арилжаалах зорилгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ба улмаар худалдаа арилжаа эрхэлдэг тодорхой бүлэг хүмүүс гарч ирсэн. Тэд зөвхөн овог аймгийнхаа дотоодод бус түүний хил хязгаараар, бүр далай тэнгисийн цаадах улсуудтай ч худалдаа, арилжаа хийж эхэлсэн. Тэр үеэс гаалийн алба үүсэх эх суурь нь тавигджээ. Төр улсуудын түүхэн хөгжлөөс авч үзэхэд анх МЭӨ 2700-2200 онд эртний Египет улсад гааль үүссэн нь тухайн үедээ “Жингийн ахлагч” хэмээх төрийн албан тушаалтан хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүнд тооцоо хийж, татвар авдаг байсан. Гаалийн алба үүсэх болсон гол шалтгаан нь хил, газар нутгаа хамгаалахын зэрэгцээ хөрш улсуудтай арилжаа наймаа хийх, аялж жуулчлахад бусдын нутгаар зорчих зайлшгүй шаардлага гарсан. Тухайн үед өөрийн нутаг дэвсгэрт зорчиж буй харийн хүмүүсийг тонон дээрэмдэх, татвар татаас нэхэх явдал гарах болсон. Иймээс улс гүрнүүд харийн иргэдэд зорчих зөвшөөрлийн бичиг олгож байсан нь одоогийн “виз” гэгчийг бий болгосон юм. Нөгөө талаар харийн нутгаар зорчигч иргэдэд тухайн улсаар хамгаалуулсныхаа төлөө тодорхой хэмжээний мөнгийг хааны санд төлөх болсон.

Эхний үед худалдаа зөвхөн хуурай замаар явагдаж байсан ба худалдаачдын жин хөсөг замдаа зогсож буудаллан, буудалласан газраа худалдаа арилжаагаа хийдэг байсан. Тэд бараа зарж борлуулсан болон тэнд байрласныхаа төлөө алба гувчуур төлдөг байв. Сүүлдээ худалдаа зөвхөн хуурай замаар төдийгүй усан замаар ч явагдах болж үүнтэй хамт тэнгисийн боомт, хуурай замын гаалийн албадууд үүссэн. Тэд хөрш улсуудтайгаа дайсагналцсан тохиолдолд хилээ хаадаг байв.

Грект гаднаас оруулах бараанд уг барааны үнийн 1/10-тэй тэнцэх хэмжээний татвар авдаг байв. Яваандаа Афинчууд татварыг багасгаж зөөлөн бодлого явуулсан нь худалдааг хөгжүүлж, их хэмжээний орлого оруулах болсон. Гаднаас оруулах бараанаас 1/20, 1/50, 1/100-тэй тэнцэх хэмжээний татвар авдаг байсан. Энэ үед тусгай бараа болох цэргийн хэрэгсэл, зэвсгийг гаалийн татвараас чөлөөлдөг байв. Феодализмын үед феодалууд гол мөрөн дээгүүр гүүр байгуулж, түүгээр гарахад гүүрний татвар авдаг байжээ.

МУ-ын гаалийн эрх зүйн үүсэл хөгжлийг 3-н үечлэлд ангилж үздэг.

1. Монголын эртний улсуудын төр, эрх зүй МЭӨ 3-12 зуун

Энэ үечлэлд Хүннү гүрнээс Их Монгол улс хүртэлх үе хамаарна. Хөрш зэргэлдээ улс орон ялангуяа Хятадтай худалдаа эдийн засгийн өргөн харилцаатай байсан. Өгөөдэй хааны үед татварын систем тогтож, 100 малаас 1 мал, 10 таар амуунаас 1 таар амуу санд авч байх журмыг тогтоожээ. Нийслэл Хархорум хот нь дотоод, гадаадын худалдаачид олноор ирдэг худалдааны том төв болж, худалдаачдад пайз олгодог байжээ.

2. Монголын дундад зууны үеийн гаалийн харилцаа МЭӨ 13-20 зуун

14-р зууны эцэс 15-р зууны эхээр Монголчууд өөр хоорондоо тэмцэлдэж, Монгол орон олон жижиг эзэмшилд хуваагдаж, худалдаа гааль татварын талаархи төрийн нэгдсэн бодлого алдагдаж эхэлсэн. 17-р зууны эхэн үеэс 200 гаруй жил үргэжилсэн Манж –Хятадын ноёрхлын үед тус орныг гадаад ертөнцөөс удаан хугацааны туршид салангид байлгаж, Хятадын худалдаа мөнгө хүүллийг чөлөөтэй тавьсан нь монголын ард түмнийг хоосруулж доройтуулж байлаа. Энэ үед Хятадын худалдаа хүүллийн 500 орчим пүүс ажиллаж байв. 1911 онд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд Манж-Хятадын ноёрхлыг халж, Олноо өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлаж, олон чухал арга хэмжээ авсны нэг нь хятад худалдаачдад гааль оногдуулах болсон явдал юм.

3.Орчин үеийн гаалийн харилцаа

Энэ үед 1911 оноос одоог хүртэлх үе хамаарна. 1912.07.01-нд Богд хаан зарлигаар Сангийн яамны гаалийн хэлтсийг өргөтгөж, Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч яамыг байгуулж, Сангийн яамны дэд сайд асан П.Доржцэрэнг уг яамны тэргүүн сайдаар томилсон байна. 1912 онд “Иргэдээс худалдааны гааль хураах дүрэм ” баталсан нь анхны хуульчилсан акт байсан. Улмаар 1921.10.20-аас “Гадаад, дотоодын худалдаачдаас гааль хураах дүрэм”-г баталж мөрдөж эхэлсэн тул эдүгээ энэхүү өдрийг монголын гаальчдын өдөр болгон тэмдэглэдэг. 1915.05.15-нд гарын үсэг зурсан Орос,Монгол, Хятад 3 улсын Хиагтын хэлэлцээрээр МУ-ын тусгаар тогтнолыг албан хүчээр хязгаарлаж, Хятадын автономи болгож, ийнхүү Хятад иргэдээс МУ-д ороход ямар ч гаалийн татвар хураахгүй байхаар тогтоосон. Үүгээр хятадын худалдааг хязгаарлах, хяналт тавих талаар авч явуулсан бүх арга хэмжээ хүчингүй болж, Хятад худалдаачдын эрх ашиг үндсэндээ хяналтгүй болсон.

1928 онд ЗХУ-ын коминтернийн зохиомол явуулгаар гадаад худалдаанд улсын онц эрх тогтоож, зөвхөн ЗХУ-тай улс төр, эдийн засаг, соёлын харилцааг тогтоох бодлого явуулж байв. Ийнхүү ЗХУ-аас орж ирэх бараа таваараас татвар хураахгүй болсон г.м олон шалтгаанаар улсын орлого буурсан. 1973.04.24-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 98-р зарлигаар анхны гаалийн тухай хууль, 1991.01.28-нд гаалийн 2 дахь хуулийн баталсан. 1996 онд МУ-ын гаалийн үйл ажиллагааг олон улсын жишигт ойртуулах шаардлагын улмаас гаалийн 3 дахь хуулийг баталсан нь эдүгээ хүртэл мөрдөгдөж байна.

Хамгийн анхны төрт улс болох хүчирхэг Хүннү аймаг нь бусад улсад халдан довтолж эзэлсэнээр хүмүсийг нь олзолж боол болгон, хүчийг нь ашиглах, газар нутаг, мал хөрөнгийг нь хураан авч хааны эрх мэдэлд шилжүүлэн зарцуулах болсон. Энэ үеэс хааны шадар хүмүүс, аймгийн ноёд, цэргийн дарга нарын хүнсний болон хувцас хэрэглэл, ахуй хангамжийн хэрэгцээ ихээхэн өсөж, өөрсдийн хүчинд тулгуурлах бололцоогүй болсон тул гаднаас нэмэлт зардал авах нь зайлшгүй болсон. Үүнийгээ булааж авсан газар нутаг, хүн, мал хөрөнгийг ашиглах хэлбэрээр хангаж байлаа. Үүний дараа боолчууд, жирийн ардууд нь хаад, ноёд, эрхтэн сурвалжтан нартаа сайн дураараа өргөл барьц өгөх, бэлэг сэлт барих хэлбэр үүссэн.

Жил бүрийн намар хүн, мал хөрөнгийн тооллого хийж, малчин ардууд, гар урчууд, анчид албан ёсоор хааны санд өглөг өгдөг байснаар татвар гэдэг ойлголт Монголд үүссэн хэмээн сурвалж бичгүүдэд тэмдэглэгджээ. Ийнхүү татварын төрөл хэлбэрүүд нилээд өргөжиж, зөвхөн татварт мал, эд хөрөнгө авах бус газрыг хувьдаа их хэмжээгээр өмчлөн авч түрээсээр ашиглуулан газрын рент буюу татвар авдаг шинэ журам тогтоожээ. Энэ үед түрээслэгч нарын олсон бүх орлогын 50%-ийг татвараар авч өөртөө ашигладаг газрын эзэд нь хамгийн том толгой хаад, ноёдууд байсан тул хэрэгцээ шаардлагатай цагтаа татварыг гаргуулдаг тийм бичигдээгүй хууль үйлчилж байжээ. Энэ заншил үргэлжилсээр 12-13-р зууны үед хуулийн бичмэл хэлбэрт орсон юм.

Ийнхүү татвар үүссэнээр нийгмийн хөгжилд асар их нөлөө үзүүлж, хот суурингууд байгуулагдан, байшин барилга баригдан соёл иргэншлийн түвшин олоход ихээхэн ач тустай байсан.

Манж чин улсын колончлолын үеийн татвар нь сорон мөлжих колоны дарлалын нэг хэлбэр байсан. Тэдгээрийн дотроос хамгийн хүнд хүчир нь өртөө, харуул, цэргийн алба байсан. Энэ албанд ардуудаас жилд барагцаалбал 2 сая хятад янчааныхөрөнгийг татварлан авдаг байжээ. Тухайн үед нийгмийн доод давхаргын хүмүүсийн татвар нь өндөр, харин лам хуврага, ноёд, цэргийн түшмэл, гар урчууд, дархчуудыг татвараас чөлөөлдөг байсан юм. Үүнийг ардын засгийн үед баян, ноён ард хутагт гэж ялгаварлахгүйгээр албан татварыг нэгэн жигд хурааж байхаар шийдвэрлэсэн нь томоохон алхам болсон.

Ардын хувьсгалаас хойш социалист нийгмийн үзэл баримтлал, бодлоготой уялдаж албан татварын төрлүүд нь өөрчлөгдөж эхэлсэн. Жишээ нь ашиг орлогын татвар, мал бүхий иргэдээс хураах татвар, нөхөргүй болон эхнэргүй, хүүхэдгүй иргэдээс авах албан татвар г.м

1990-ээд оноос өмнө МУ-ын татварын эрх зүйн үндэс нь дүрэм, заавар, тогтоол хэлбэртэй байсан. 1990 оноос хойш төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжсэнээр татварын шинэ тогтолцоо бий болох суурь тавигдсан.

БНМАУ-ын Бага хурлын 1990.12.30-ний 39-р тогтоолоор Татварын Ерөнхий Хуулийг батлан мөрдүүлсэн. 1990.12-р сард Засгийн Газар, Сангийн яаманд Албан татварын газар, аймаг хот районы АДГЗ-ын санхүүгийн хэлтэст албан татварын тасаг байгуулж, 10-15 тооны үйлдвэрийн газар, 50-70 хувиараа хөдөлмөр эрхлэгч хүн тутамд 1 татварын улсын байцаагч ажиллахаар тогтоосон юм.

1992.09.12-ын 17-р тогтоолоор Сангийн яамны харьяа албан татварын газрыг Үндэсний Татварын Ерөнхий Газар болгон өргөжүүлсэн нь шинэ тогтолцоог бий болгосон юм.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax