P2013-09-14 - Бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам/

 

2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр                                     

 Улаанбаатар хот

Дугаар 638                              

 

 

Гаалийн тухай хуулийн 25.1, 232.2, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны  өдрийн хуралдааны  шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

 

1.“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг  хавсралтын ёсоор  шинэчлэн баталсугай.

 

2.Гаалийн бүрдүүлэлтийг дор дурдсан хугацаанд хийж байхаар тогтоосугай:

2.1.хилийн боомтод ажиллаж буй гаалийн байгууллага Засгийн газар хоорондын  хэлэлцээрт заасан хугацаанд;

2.2.олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа гаалийн байгууллага тухайн хилийн боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу;

2.3.гүний гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт;

2.4.төмөр замын дагуу байрлах гүний гаалийн байгууллага энэ тушаалын 2.3-т заасан хугацаанаас гадна  нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд 9:00-13:00, 14:00-18:00 цагуудын хооронд. 

 

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/-т  үүрэг болгосугай.

 

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 817  дугаар тушаалыг  хүчингүй болсонд тооцсугай.

 

5. Энэ тушаалыг 2011 оны 01 дугаар сарын01ий өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГА                                                           Д.ЦЭВЭЭНЖАВ

 

 

Улсын бүртгэлд 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3210 дугаарт бүртгэсэн

 

 

 

 Гаалийн ерөнхий газрын  

                                                                                         даргын 2010 оны  638 дугаар

                                                                                      тушаалын хавсралт

 

ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА,ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРАМ

 

          Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд эрсдэлд суурилсан гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт, шалгалт хийх үйл ажиллагааны дэс дараалал тогтооход энэ журмын зорилго оршино.

1.2 Гаалийн  бүрдүүлэлтийн явцад бараа, тээврийн хэрэгслийн талаар үндэслэл бүхий мэдээлэл, сэжиг илэрвэл  гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч мэдүүлгийн “Мэдээлэл” талбарын төрлүүдээс сонгон “Тайлбар” хэсэгт мэдээллийг тодорхой бичиж оруулна.

1.3. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд тавих гаалийн хяналтын бүх шатанд ажиглалт хийнэ.

1.4.Бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ. Түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют, валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг барааны шалгалтыг мэдүүлэгчээс бичгээр гаргасан хүсэлтийн дагуу өөр газарт,  мэдүүлэгчийн зардлаар хийж болно.

1.5. Гаалийн хяналтад телекамерын систем, хяналт, шалгалтын техник, багаж хэрэгсэл, эрэлч нохой ашиглана.

1.6. Гаалийн байгууллагын бүтэц, орон тооноос шалтгаалан энэ журамд заагдсан албан тушаал байхгүй тохиолдолд ажлын байрны тодорхойлолтын дагуу тухайн асуудлыг хариуцаж байгаа албан тушаалтан хариуцаж асуудлыг шийдвэрлэнэ.

 

 

Хоёр. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн  хэрэгслийг

                                        гаалийн хяналтад авах          

 

2.1.Бараа, тээврийн хэрэгсэл нь улсын хилээр оруулсан үеэс хилийн гаалийн хяналтад байна. Тээвэрлэгч нь гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн замаар тээвэрлэж, хилийн гаалийн байгууллагын хяналтын бүсэд оруулна.

2.2.Тээвэрлэгч бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан даруйдаа, мөн тогтоосон цагийн хуваарьтай тээврийн хэрэгслийг гаалийн хилээр оруулахаас 1 цагийн өмнө гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

2.3. Тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран Гаалийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан бичиг баримтаас аль шаардлагатайг нь гаргуулан авч,  дагалдах бичиг баримтад “гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, огноог бичин, гаалийн улсын байцаагч гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдгээ дарж баталгаажуулна.

2.4.Барааг битүү тээврийн хэрэгсэлд ачсан тохиолдолд гаалийн тэмдэглэгээг, задгай тээврийн хэрэгсэлд ачсан тохиолдолд барааны байрны тоог хилийн гаалийн байгууллага дагалдах бичиг баримттай тулган шалгаж, бүртгэлээр гаалийн хяналтад авна. Шаардлагатай тохиолдолд холбогдох тэмдэглэгээг нэмж хийж болно. 

2.5.Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээрийг дагалдах бичиг баримтад тавьсан гаалийн тэмдэглэгээ гэмтсэн тохиолдолд тээврийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж, бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогоос шалтгаалан тохирох гаалийн тэмдэглэгээг шинээр хэрэглэнэ.

2.6.Хилийн гаалийн байгууллага нь гүний гаалийн байгууллагад хүрэх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг дугаарлан, ачааны манифестэд холбогдох гаалийн тэмдэглэгээ хийж, гаалийн хяналтын дор илгээнэ.

Дагалдах бичиг баримтыг дугаарлахдаа нийт хуудасны тоо, тухайн хуудасны дугаарыг хуудас бүр дээр бичнэ. Жишээ нь: 5 хуудас баримтын нэгдүгээр хуудсыг 1/5  гэх мэт.

2.7. Хилийн гаалийн байгууллага нь гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийг дагалдах бичиг баримтыг гаалийн хяналтад авсан үеэс эхлэн гүний гаалийн байгууллагын хяналтад орох хүртэлх хугацаанд хяналт тавина.

2.8. Бараа, тээврийн хэрэгслийг гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүсэд ирмэгц бараа, тээврийн хэрэгсэл энэ үеэс хилийн гаалийн байгууллагын хяналтаас гарч гүний гаалийн байгууллагын хяналтад шилжинэ.

2.9. Гаалийн хяналтын бүс эзэмшигч нь барааг бүртгэн, гаалийн тэмдэглэгээ бүхий дугтуйг гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид хүлээлгэн өгч, тухайн барааг гаалийн хяналтын бүсэд оруулах хүсэлтийг сүлжээгээр илгээнэ.

2.10 Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч манифестын битүүмжлэл алдагдсан эсэх, гаалийн тэмдэглэгээ гэмтсэн эсэхэд хяналт тавьж,  зөрчилгүй тохиолдолд дугтуйг задлан, манифест болон дагалдах бичиг баримтыг шалган, манифестын 1-р хүснэгтэд хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулж, гаалийн хяналтын бүс эзэмшигчээс сүлжээгээр илгээсэн хүсэлтийг хүлээн авч,  “Бүртгэх” товч дарж бүртгэн, “Зөвшөөрөх” товч дарж барааг гаалийн хяналтын бүсэд орох зөвшөөрөл өгнө.

2.11.Гаалийн тэмдэглэгээ гэмтсэн болон ачааны манифестэд бичигдсэн дагалдах бичиг баримт алга болсон, солигдсон, засварлагдсан   тохиолдолд хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч холбогдох арга хэмжээ авна.

2.12.Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд 3 хоног хүртэл хугацаагаар хадгалж болох бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн горим сонгож, бүрдүүлэлт хийлгээгүй бол гаалийн түр агуулахад шилжүүлнэ.

2.13.Бараа тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад шилжүүлэхэд тухайн гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тээврийн байгууллагын төлөөлөгч, агуулахын нярав мөн хоёроос доошгүй гаалийн улсын байцаагчийг байлцуулан гаалийн түр агуулахын бүртгэлийн дэвтэрт бүртгэл үйлдэж оруулна. Мөн ачааны манифест дээр “гаалийн түр агуулахад шилжүүлэв” хяналтын тэмдэг дарж, огноог бичин, ГУБ гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгээ дарж баталгаажуулна.

 

 

 

 

 

Гурав. Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг

                 мэдүүлэх, гаалийн хяналт тавих                   

 

3.1. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад гаалийн мэдүүлгээр мэдүүлэхээс өмнө гаалийн хяналтад хамааруулах зорилгоор ачааны манифестыг хэрэглэнэ.

3.2. Гаалийн хилээр оруулах барааг байршуулах гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно.

3.3.Мэдүүлэгч барааг мэдүүлэхэд Гаалийн удирдах төв байгууллагын даргын  баталсан  Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар,гаалийн байгууллага гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтыг хүлээн авч, шалгахад Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах зааврыг тус тус мөрдөнө.

3.4.Гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтыг шалгах, бүрдүүлэлт хийх ажиллагаанд гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч хяналт тавина.

3.5. Эрсдлийн удирдлагын програмд урьдчилан оруулсан шалгуурын үндсэн дээр гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт хийх төлөв улаан, улбар шар, ногоон өнгөөр илэрхийлэгдэнэ. 

3.5.1 Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийнэ.

3.5.2 Улбар шар төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримтын шалгалт хийнэ.

3.5.3 Ногоон төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийхгүйгээр мэдүүлсэн горимд байршуулна.

3.6.Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тухайн бүрдүүлэлтэд сонгогдсон хяналтын төлвийн дагуу гаалийн хяналт тавина.

3.7.Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч  өөрийн мэдрэмж, энэ журмын 1.2-т заасан эрх бүхий албан тушаалтаны оруулсан анхааруулга, бусад эх сурвалжуудын бодитой мэдээлэлд үндэслэн  хяналтын улбар шар төлөвийг улаан төлөвт шилжүүлж болно.

3.8. Гаалийн шалгалт хийхээр томилогдсон гаалийн улсын байцаагч нь шалгалт эхлэхээс өмнө  тээврийн байгууллагын төлөөлөгч, мэдүүлэгчийг байлцуулан гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн хадгалагдаж буй агуулахын ерөнхий байдлыг болон тэдгээрт  тавьсан  гаалийн тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг шалгана.

3.9. Гаалийн тэмдэглэгээ гэмтэлтэй байвал гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэн, тээврийн байгууллагын төлөөлөгч, мэдүүлэгчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, тээврийн байгууллагын акт /коммерын акт/-ыг хавсаргана.

3.10. Бараанд гаалийн шалгалт хийхээс өмнө, эсхүл шалгалтын явцад нуувч болгон ашиглаж болзошгүй тээврийн хэрэгслийн  эд анги, зай хөндийг шалгана. Шаардлагатай бол тээврийн хэрэгслийн эд ангийг задлуулж шалгана.

3.11. Гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшинг нарийвчлан шалгана. Улаан төлөвт сонгогдсон бараа, тээврийн хэрэгслийг шалгахад гаалийн улсын ахлах байцаагч гаалийн шалгалтад оролцож болно.

3.12.Барааг шалгахдаа түүний хайрцаг, сав баглаа, боодлыг онгойлгох, задлах байдлаар, мөн гаалийн хяналт, шалгалтын техник, багаж хэрэгсэл, эрэлч нохой ашиглана.

3.13.Барааг шалгах явцад мэдүүлэгчээс амаар мэдүүлэг авах, эсхүл  тайлбар гаргуулж болно.

3.14.Бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтыг ажлын өдөрт багтаан дуусгах бөгөөд тухайн өдөрт багтахгүй бол энэ тухай гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж, шийдвэрлүүлнэ.

3.15. Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн лабораторийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авах, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад оролцуулах шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулна. Саатуулсан бараа, тээврийн хэрэгслийг “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

3.16. Гаалийн тухай хуулийн 252.6.1-д зааснаас бусад тохиолдолд гаалийн байгууллагад мэдүүлсэн бараанаас холбогдох стандартын дагуу дээж, сорьц авч болно.

3.17.Хяналт, шалгалтын явцад бодит тоо хэмжээ мэдүүлсэн тоо хэмжээнээс зөрвөл, мэдүүлгийн бичлэгийн F хүснэгтэд тодотгох тоо хэмжээг /мэдүүлсэн тоо хэмжээнээс бодит тоо хэмжээ илүү бол илүү гарсан тоо хэмжээг ангиллын хэмжих нэгжээр илэрхийлэн (+) тэмдэгтэй, дутсан тохиолдолд дутсан тоо хэмжээг ангиллын хэмжих нэгжээр илэрхийлэн (-) тэмдэгтэй тоогоор/ бичнэ.

3.18. Шалгалтаар гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил илрээгүй бол гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлгийн 1 дүгээр хүснэгтэд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодод хамаарах хяналтын тэмдгийг гаалийн мэдүүлэгт дарж, гаалийн байгууллагын нэр, огноог бичин, гарын үсэг зурж, хяналтын тэмдгийн баруун  доод буланд хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарж баталгаажуулан, гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ.

3.19. Үндэслэл бүхий мэдээлэл, сэжиг байгаа бол гаалийн хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгсэлд дахин шалгалт хийх  асуудлыг  хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтантай хамтран шийдвэрлэж, дахин шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг томилно. Дахин шалгалтын үр дүнгийн талаархи мэдээллийг эрсдлийн удирдлага хариуцсан нэгжид тухай бүр хүргүүлнэ.

3.20. Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд дахин шалгалт хийсэн тохиолдолд тухайн албан тушаалтан гаалийн мэдүүлгийн “G” хүснэгтэд огноо бичиж, гарын үсэг зуран хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна. 

3.21. Шалгалтын дараа хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч нь шалгалтын үр дүнг гаалийн мэдүүлгийн “Шалгалтын үр дүнгийн санал” талбарт оруулахдаа эхний цонхноос тохирох үзүүлэлтийг сонгож, дараагийн цонхонд хяналт хийсэн үр дүнгийн мэдээллээ дэлгэрэнгүй байдлаар бичнэ.

3.22. Гаалийн бүрдүүлэлтийн явцад зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэснээс хойш 48 цагийн дотор зөрчлийн тухай тэмдэглэлийг эрсдлийн удирдлагын програмын “Зөрчил” санд өгөгдлийн дагуу бичиж оруулна.

3.23. Шаардлагатай тохиолдолд зөрчлийн тухай тэмдэглэлийг хадгалсаны дараа “зураг” цонхыг нээж, зөрчилд холбогдох бараа, тээврийн хэрэгслийн зургийг хавсаргана.

3.24. Гаалийн бүрдүүлэлтийн явцад илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байвал зөрчил илрүүлсэн гаалийн улсын байцаагч үзлэг хийсэн тухай акт үйлдэж, холбогдох материалын хамт хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.

3.25.Гаалийн шалгалтаар гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бараа илэрсэн зөрчил нь Гаалийн тухай хуулийн 290.2.1, 290.2.2, 291.1.-д зааснаас бусад зөрчлийн бүрэлдэхүүнтэй байвал Гаалийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу  хариуцлага ногдуулж, мэдүүлээгүй бараанд гаалийн мэдүүлэг нөхөж бичүүлэн, гаалийн бүрдүүлэлт хийнэ.

3.26. Гаалийн бүрдүүлэлт хийгдэж баталгаажсаны дараа гаалийн хяналтын бүс эзэмшигч нь барааг гаалийн хяналтын бүсээс гаргах хүсэлтийг гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид  илгээх бөгөөд гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” товч дарж, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсээс гаргах зөвшөөрөл олгоно.

3.27. Бараа,тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт тухайн ажлын өдөрт багтаан бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид өгнө.

3.27. Төмөр замаар тээвэрлэж байгаа  бараа, тээврийн хэрэгслийн хүрэх өртөө нь хилийн гаалийн байгууллагын хариуцах нутаг дэвсгэрт орших, эсхүл барааг автомашин, агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэн оруулж байгаа тохиолдолд эцсийн бүрдүүлэлтийг хилийн гаалийн байгууллагад хийх бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийхдээ энэ журмын 2.12, 2.13, 3.3-3.25, 3.27-д заасныг мөрдөнө.

3.28.Авто болон агаарын тээврээр тээвэрлэгдэн гаалийн хилээр оруулсан бөгөөд өөр гаалийн байгууллагын хариуцах нутаг дэвсгэрт байрлах баталгаат болон чөлөөт бүсэд оруулах барааг гаалийн удирдах төв байгууллагаас  итгэмжлэл авсан тээвэрлэгчийн гаалийн тэмдэглэгээ хийх боломж бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэх тохиолдолд гаалийн хяналтад илгээж, ачааны манифестаар хяналт тавина.

 

Дөрөв. Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд

                                    хийх гаалийн хяналт, бүрдүүлэлт

 

 4.1.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэх, мөн гаалийн байгууллага гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтыг хүлээн авч, шалгахад  Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах зааврыг мөрдөнө.

4.2.Гаалийн байгууллагад мэдүүлсэн гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан үеэс гаалийн хяналтад авна.

4.3.Гаалийн хяналтын бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгслийг гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, хилийн гаалийн байгууллагын бүртгэл хариуцсан гаалийн улсын байцаагч бүртгэнэ.

4.4.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг энэ журмын 3.3-3.8, 3.10-3.25, 3.27-д заасны дагуу шалгаж, гаалийн бүрдүүлэлт хийнэ.

4.5.Гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн хяналтын талбайд оруулсан бараа, тээврийн хэрэгслийг шалгах явцад мэдүүлэгчийн хүсэлтээр гаалийн хяналтын талбайгаас буцаан гаргахыг хориглоно.

4.6.Гаалийн шалгалт хийж, гаалийн  хууль тогтоомж зөрчсөн зөрчил илрээгүй тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийн онцлогоос шалтгаалан гаалийн тэмдэглэгээний аль тохирохыг сонгон хэрэглэж, мэдүүлгийн D хүснэгтэд тэмдэглэгээний дугаарыг бичнэ.

4.7.Бараа, тээврийн хэрэгслийг шалгасан гүний гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлэгт “гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гаалийн бүрдүүлэлт хийсэн огноог бичин гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгийг хяналтын тэмдгийн баруун доод буланд тод дарна.

4.8.Бараа, тээврийн хэрэгслийг шалгасан гаалийн улсын байцаагч дагалдах бичиг баримтад тэмдэглэл хийж, дугаарлан хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд гаалийн мэдүүлэгт дагалдах бичиг баримтын тоо, дугаарыг тэмдэглэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтын хамт гаалийн хяналтад илгээнэ.

4.9. Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт  тухайн ажлын өдөрт багтаан бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид өгнө.

4.10. Төмөр замын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж улсын хилээр гаргах барааны гаалийн мэдүүлгийг үндэслэн  тээвэрлэгч манифестыг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.

4.11. Гаалийн улсын ахлах байцаагч манифестын мэдээллийг шалгаж, “Зөвшөөрөх” товч дарснаар  бараа, тээврийн хэрэгсэлд эцсийн бүрдүүлэлт хийх хилийн гаалийн байгууллагад  манифест  сүлжээгээр илгээгдэнэ.

4.12.Гүний гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээгдсэн барааг хилийн гаалийн байгууллагын гаалийн улсын ахлах байцаагч хүлээн авч хяналт шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг сүлжээгээр томилно.

4.13.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах бичиг баримт нь хилийн гаалийн байгууллагын хяналтад орох хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлтийг хийсэн гүний гаалийн байгууллагын хяналтад байна.

4.14.Хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд ирмэгц тээвэрлэгчтэй хамтран гүний гаалийн байгууллагын тэмдэглэгээг тулган шалгаж, бараа тээврийн хэрэгслийн дагалдах баримтыг бүртгэлд авна. Энэ үеэс бараа, тээврийн хэрэгсэл хилийн гаалийн байгууллагын хяналтад орно. Гаалийн тэмдэглэгээ гэмтэж ирсэн тохиолдолд тээврийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, тээврийн байгууллагын акт /коммерын акт/-ыг хавсаргана.

4.15.Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн тэмдэглэгээ гэмтсэн, эсхүл шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийнэ.

4.16. Хилийн гаалийн байгууллагын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгслийн лац, ломбыг манифесттай тулган шалгаж, зөрчилгүй тохиолдолд “Баталгаажуулах” товч дарж, сүлжээгээр гаалийн улсын ахлах байцаагчид илгээнэ. 

4.17.Гаалийн шалгалтаар гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил илрээгүй, гүний гаалийн байгууллагын тэмдэглэгээ гэмтээгүй, хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг шалгах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд гаалийн мэдүүлгийн 1 дүгээр хүснэгтэд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимд хамаарах хяналтын тэмдгийг гаалийн мэдүүлгийн холбогдох хүснэгтэд дарж, огноог бичин, гарын үсэг зурах бөгөөд хяналтын тэмдгийн баруун доод буланд хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарна.

4.18.Гаалийн улсын байцаагч гаалийн бүрдүүлэлт хийж дууссан талаар гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ. Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч үндэслэл бүхий мэдээлэл, сэжиг байгаа бол дахин шалгалт хийх, эсхүл бараа, тээврийн хэрэгслийг хилээр гаргах  шийдвэрийн аль нэгийг гаргана.

4.19.Хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээс гаргасан талаар бүртгэлд бүртгэнэ.

4.20.Гаалийн хилээр хоосон чингэлэг гаргах тохиолдолд гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тээврийн баримтад бичигдсэн чингэлэгийн дугаарыг тулган шалгаж, ногоон өнгийн ломбо тавьж, тээврийн бичиг баримтад нь “гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарж, гаалийн бүрдүүлэлт хийсэн огноог бичин гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгийг хяналтын тэмдгийн баруун доод буланд тод дарна.

           4.21.Хилээр гаргах хоосон чингэлэгт хилийн гаалийн байгууллага энэ журмын 4.14-4.19-д заасны дагуу хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.

            4.22.Гүний гаалийн байгууллагаас тавьсан ногоон ломботой хоосон чингэлэгийг автотээврийн хэрэгслээр хилээр гаргах тохиолдолд хилийн гаалийн байгууллагын томилогдсон гаалийн улсын байцаагч ломбыг авч, шалгана.

4.23.Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллагад мэдүүлсэн тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг энэ журмын 4.1-4.9, 4.17-4.19-д заасны дагуу хилийн гаалийн байгууллага хийнэ.

 

Тав. Зорчигчийн бараанд гаалийн хяналт тавих

 

5.1.Зорчигч “зорчигчийн гаалийн мэдүүлэг”-ийг нөхөн бичиж, гаалийн улсын байцаагчид өгсөн үеэс зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс, хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн  шалгалт хийж эхлэх бөгөөд зорчигч хилээр гарах хүртэлх хугацаанд гаалийн хяналтад байна.

5.2.Зорчигчийн бараанд гаалийн мэдүүлэг, холбогдох бичиг баримтыг үндэслэн бүрдүүлэлт хийж, хяналт тавина.

5.3.Зорчигчийн бараанд гаалийн хяналт тавихдаа Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлд заасан хяналтын хэлбэрүүдээс аль тохиромжтойг сонгон хэрэглэнэ.

5.4.Улаан, ногоон гарц бүхий гаалийн хяналтын бүсэд зорчигч улаан, ногоон гарцыг сонгоно.

5.5.Зорчигч ногоон гарцыг сонгосон бол хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан, биеэс тусдаа явуулсан, бусдад дамжуулах, гаалийн болон бусад татвар төлөх бараа болон гаалийн байгууллагад мэдүүлэх валют байхгүй хэмээн мэдүүлсэн гэж үзнэ.

5.6.Гаалийн хилээр нэвтрэх этгээд барааг биедээ нуусан гэх тодорхой сэжиг байгаа бол биед нь үзлэг хийнэ.

5.7.Хүний биед үзлэг хийхдээ Гаалийн тухай хуулийн 247 дугаар зүйлийг баримтална.

 

                                    Зургаа. Улс хоорондын шуудангийн илгээмжид

                                                            гаалийн хяналт тавих

 

6.1. Улс хоорондын шуудангийн илгээмжийг улсын  хилээр орсон үеэс хилийн гаалийн байгууллага хяналтад авна.

6.2. Хилийн гаалийн байгууллагын  гаалийн улсын байцаагч  илгээмжийн богцны шошго дээрхи мэдээлэл, гадуур дагалдах маягт (Монгол улсын стандарт ”Шуудангийн хэрэглэгдэхүүн” 2 дугаар хэсэг, MNS 5380-2:2004 ) болон  ачааны манифест зэргийг хооронд нь тулган  шалгаж, ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ “гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, дээ‎‎рхи маягт болон ачааны манифестийн нэг хувийг авч үлдэн, бусад хувийг  холбогдох гаалийн байгууллагад илгээмжийн хамт хүргүүлнэ.

6.3. Гаалийн байгууллага хяналтад ирсэн илгээмжийн гадуур, дотуур дагалдах маягт болон бусад бичиг баримтыг үндэслэн битүүмжлэлийг шалгаж, баглаа боодлыг задлан,  “Улс хоорондын шуудангийн илгээмжийн бүртгэл”-д бүртгэнэ.

6.4. Илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхэд рентген, металл илрүүлэгч зэрэг техник хэрэгэс, эрэлч нохой, наркотест ашиглахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд Гаалийн төв лабораторийн шинжилгээнд хамруулж, ангиллын кодыг тодорхойлуулж болно.

6.5. Гаалийн хилээр нэвтрүүлэх илгээмжид тарифын бус хязгаарлалттай бараа байхгүйг баттай тогтоосон тохиолдолд дараахь төрлийн илгээмжид биет шалгалт хийхээс татгалзаж болно:

 

6.5.1.хувийн  ил болон битүүмжилсэн захидал,

6.5.2.хараагүй хүмүүст зориулсан  ном зохиол.

 

6.6. Илгээмжид биет шалгалт хийх үед хүлээн авагч болон илгээгчийг байлцуулах боломжгүй бол шуудангийн байгууллагын ажилтанг байлцуулан, энэ тухай “Улс хоорондын шуудангийн илгээ‎‎мжид гаалийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл” үйлдэн, гарын үсэг  зурж баталгаажуулна.

6.7. Илгээмжийг хүлээн авах хаягт эзэнд олгох, хаягаар гардуулах, эсхүл хилийн чанадад илгээх хүртэлх хугацаанд тэдгээрийг шуудангийн үйлчилгээний стандартын дагуу битүүмжилсэн хэлбэрээр гаалийн хяналтын төвлөрсөн буюу тухайн шуудангийн байгууллагын зарлуулсан гаалийн хяналтын бүсэд хадгална.

6.8. Илгээмжийг гаалийн хяналт дор тээвэрлэхэд гаалийн байгууллага  тээврийн хэрэгсэл, эсхүл богцонд гаалийн тэмдэглэгээ хийх бөгөөд боломжтой гэж үзсэн тохиолдолд илгээгч буюу дамжуулан өнгөрүүлсэн орны гаалийн байгууллагын тэмдэглэгээг  ашиглаж болно.

6.9. Илгээмжийг нэг тээврийн хэрэгслээс нөгөө тээврийн хэрэгсэлд зөвхөн гаалийн хяналт дор шилжүүлэн ачина.

6.10. Улаанбаатар хотоос бусад аймаг, сум, дүүрэгт байрлах гаалийн байгууллага өөрийн хариуцах нутаг дэвсгэрт хүлээн авах, илгээх шуудангийн илгээмжид энэ журмын дагуу гаалийн хяналт, бүрдүүлэлт хийнэ.

6.11. Гаалийн байгууллагагүй аймаг, сум, дүүргүүдийн шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан гадаадад илгээх болон хүлээн авагчид нь олгох  илгээмжийг  улс хоорондын шуудангийн илгээмжийн нэгдсэн төвд гаалийн байгууллага шуудангийн ажилтныг байлцуулан рентген аппаратаар шалгана.

6.12.Гаалийн байгууллагагүй аймаг, сум, дүүргүүдийн шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан хилийн чанадад илгээх улс хоорондын шуудангийн илгээмжид тухайн шуудангийн салбарын эрхлэгч  шалгалт хийж,  улс хоорондын шуудангийн илгээмжийн нэгдсэн төвд ирүүлнэ.

6.13.Гаалийн байгууллагагүй аймаг, сум, дүүргүүдийн шуудангийн үйлчилгээний салбарын эрхлэгч, илгээмжийг хүлээн авагчид олгох үед гаалийн байгууллагын ногдуулсан татвар, хураамжийг төлүүлэн, шуудангийн гаалийн байгууллагын татварын харилцах дансанд тушааж, татвар, хураамжийг барагдуулсан тухай мэдээг шуудангийн гаалийн байгууллагад  ирүүлнэ.

6.14.Илгээмжийг гаалийн хяналтаас гаргахыг гаалийн байгууллага зөвшөөрсөн тохиолдолд хүлээн авагчид нь хаягаар гардуулах үйл ажиллагааг шуудангийн ажилтан гүйцэтгэнэ.

6.15. Хүлээн авагчид хаягаар нь гардуулах эсвэл гаалийн байгууллагагүй аймаг,  сум,  дүүргүүдийн шуудангийн үйлчилгээний салбарт хүргэх илгээмжид шуудангийн байгууллагын ажилтанг байлцуулан гаалийн улсын байцаагч  биет шалгалт хийсэн тохиолдолд холбогдох татвар, хураамжийг ногдуулан,  маягтын дагуу нэхэмжлэх, тэмдэглэл бичиж  шуудангийн ажилтанд  гардуулна.

6.16. Монгол Улсын нутаг дэвсгэрээр  дамжин өнгөрөх илгээмжид гаалийн байгууллага хяналт тавина.

 

Долоо. Гаалийн баталгаат болон чөлөөт бүсэд хяналт тавих

 

7.1.Гаалийн байгууллага нь өөрийн хариуцах нутаг дэвсгэрт байгуулагдсан гаалийн баталгаат бүс, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хяналт тавьж,  гаалийн улсын байцаагчийг  томилон ажиллуулна.

7.2.Баталгаат болон чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын бараа, ажил үйлчилгээ нь гаалийн хяналтад байна.  

          7.3.Гаалийн баталгаат бүс, чөлөөт бүсэд Гаалийн тухай хуулийн 248 дугаар зүйлийг баримтлан шалгалт хийнэ.

7.4.Гаалийн мэдүүлэг, бүртгэл нь гаалийн баталгаат болон чөлөөт бүсэд гаалийн хяналт тавих үндсэн баримт болно. Гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийн бүртгэлийг холбогдох программын дагуу хөтлөх бөгөөд баталгаат болон чөлөөт бүсэд тооллого, шалгалт хийхдээ бүртгэлтэй тулган шалгаж баталгаажуулна.

7.5.Гаалийн баталгаат болон чөлөөт бүсэд хяналтын камер ажиллуулж, гаалийн хяналтын зорилгоор ашиглана.

7.6.Хяналтын камерын бичлэгийг сар бүрийн 30-ны өдөр архивлаж, 2 жилийн хугацаатай хадгална.

7.7.Дэлгүүрийн ажиллах цаг дуусах үед дэлгүүрийн танхим, байр, агуулах, туслах байгууламжид гаалийн тэмдэглэгээ хийж, нээхэд нь гаалийн тэмдэглэгээ, хяналтын камерын бичлэгийг шалгаж ажиллах зөвшөөрөл олгоно.

7.8.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг шалгахдаа хилийн боомтод байрладаг дэлгүүрийн кассын талоныг зорчигчийн суугчийн талон, хилийн шалган нэвтрүүлэх албаны бүртгэлтэй, нутгийн гүнд байрлах дэлгүүрийн кассын талоныг дипломат эрх ямба эдлэх байгууллага, ажилтны жагсаалт, үнэмлэхтэй тулгаж шалгана. 

7.9.Гаалийн баталгаат болон чөлөөт бүсэд оруулах, гаргах бараа, тээврийн хэрэгсэлд энэ журмын дагуу гаалийн хяналт, шалгалт хийнэ.

7.10.Гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тохиолдолд үлдэгдэл барааг тоолж, бүсийн байр, агуулахад гаалийн хяналтад хадгалан, ажлын 7 хоногийн дотор гаалийн хууль тогтоомжийн дагуу холбогдох горимд шилжүүлнэ.

 

Найм. Дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих

 

8.1.Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр оруулах болон гаргах боомт дахь гаалийн байгууллага тээврийн баримтаар гаалийн хяналтад авч, манифестаар бүрдүүлэлт хийнэ.

8.2.Гаалийн байгууллага нь дамжуулан өнгөрүүлэх бараанд илгээгч улсын гаалийн байгууллагын тавьсан тэмдэглэгээг хүлээн зөвшөөрнө.

8.3.Дамжуулан өнгөрүүлэх барааг гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгсэл солих үйл ажиллагааг гаалийн хяналтын дор гүйцэтгэнэ.

8.4.Шаардлагатай тохиолдолд барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхэд тухайн бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллагын хяналтад орсон үеэс гаалийн хилээр буцаан гарах хүртэлх хугацаанд гаалийн улсын байцаагч дагалдуулж болно.

8.5.Дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах бичиг баримт нь хилийн гаалийн нэг байгууллага хяналтад авсан үеэс нөгөө хилийн гаалийн байгууллагын хяналтад орох хүртэлх хугацаанд эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагын хяналтад байна.

8.6.Шилжүүлэн ачих бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах баримт нь барааг шилжүүлэн ачих хилийн байгууллагын хяналтад байна.

8.7.Дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага  шалгаж болно.

8.8.Дараахь тохиолдолд гаалийн шалгалт хийнэ:

8.8.1. гаалийн битүүмжлэлийг хангалттай биш гэж үзсэн;

8.8.2. гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгслийг нягтлан шалгах тодорхой  үндэслэл байсан.

8.9.Дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих бараа, тээврийн хэрэгслийг шалгахдаа  тээвэрлэгч зуучлагч байгууллагын төлөөлөгчийг заавал оролцуулах ба шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагаас төлөөлөгч байлцуулна.

            8.10.Дотоодод дамжуулан өнгөрүүлэх бараанд  энэ журмын холбогдох заалтуудын дагуу гаалийн хяналт тавьж бүрдүүлэлт хийнэ.

 

Ес. Бусад

 

9.1.Хувь хүний нэр дээр илгээсэн болон зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй барааны үнийн дүн 3.000.000 төгрөг /гурван сая/-өөс доош бол “Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт №2/-аар, 3.000.000 төгрөг /гурван сая/-өөс дээш бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ.  Гэр ахуйн зориулалттай, нэр төрөл тус бүрээс нэг ширхэгээс илүүгүй бараанд үнийн дүн харгалзахгүй “Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт №2/-аар гаалийн бүрдүүлэлт хийнэ.

9.2.Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа, мал, амьтан, ургамалын гаралтай түүхий эд, үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, механизм, барилгын материал, үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд, химийн болон цацраг идэвхит бодис, боловсруулаагүй эсхүл дахин боловсруулах бараа, шилжмэл генитэй хүнсний бүтээгдэхүүн зэрэг бараанд  “Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт №2/-аар,  гаалийн бүрдүүлэлт хийхгүй.

9.3.Бараа гаалийн хяналтад байх хугацаанд гэмтэж муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон, мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр  эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй байж болох нь тогтоогдсон тохиолдолд бараа устгах горимыг хэрэгжүүлэх журмын дагуу устгана.

9.4.Гаалийн мэдүүлэгт хяналтын тэмдэг болон хувийн дугаар бүхий тэмдгийг тод дараагүй тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг баталгаажаагүйд тооцож, тухайн гаалийн улсын байцаагчид ажлын хариуцлага тооцно.

9.5.Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, татварын тооцоо, гаалийн шалгалт хийснээс үүдэн гарах хариуцлагыг тухайн ажлыг гүйцэтгэж системд баталгаажуулалт хийсэн, зөвшөөрөл олгосон, гаалийн мэдүүлгийн холбогдох хүснэгтэд хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулсан гаалийн улсын байцаагч хүлээнэ.

9.6.Гаалийн бүрдүүлэлтийг баталгаажуулж байгаа хяналтын дардасыг өөрчлөх, огноог засварлахыг хориглоно.

9.7.Энэ журмын 4.5-д заасныг зөрчсөн тохиолдолд гаалийн болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

9.8.Гаалийн түр агуулах, баталгаат бүсэд  хадгалах хугацаа дууссан барааг Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэнэ.

9.9.Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

 

 

 

 

-----

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2013-09-14 -

Бичсэн: Зочин
surahad bvvr amar boljdee
Бичлэг



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax