P2013-11-11 - Онцлог барааны гаалийн бүрдүүлэлт

 Онцлог барааны гаалийн бүрдүүлэлт

·         Эрх зүйн үндэслэл

·         Гаалийн бүрдүүлэлтийн талаарх ойлголт

·         Онцлог нэрийн барааны гаалийн бүрдүүлэлт

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.

Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:

        1.      Мэдүүлэх,

        2.      Гаалийн бичиг баримтыг шалгах,

        3.      Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,

        4.      Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,

        5.      Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.

Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт:

    Дараахь бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.

·         Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа; 

·         цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис; 

·         мал, амьтан; 

·         улс хоорондын шуудангийн илгээмж; 

·         сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал;

·         амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;

·         донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн; 

·         хуульд заасан бусад бараа.

Барааг урьдчилан мэдүүлэх:

            Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай нь тулган шалгана.

Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт:

     Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.

·         барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;  

·         барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах; 

Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх:

Мэдүүлэгч(захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар   болон түүнтэй адилтгах бусад байгууллагын   бараа,   тэнд   ажиллагсдын   хувийн   ачаа тээшинд   хийх   гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.

Онцлог барааны гаалийн бүрдүүлэлт

Шинжлэх ухаан техникийн ололт, газар нутгийн дүрс зураг зүйн бусад материал, судалгаа шинжилгээ, геологи, байгаль амьтан судлал палентлогийн олдворын болон бусад бүх төрлийн дээж сорьц зэрэг бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанг онцлог нэрийн барааны гаалийн бүрдүүлэлт гэнэ.

Онцлог бараа нэвтрүүлэх аж ахуйн нэгж, байгууллага “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийн маягтаар мэдүүлнэ. Онцлог барааг гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлэгч тухайн асуудал хариуцсан яам, засгийн газрын агентлаг /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/-аас тодорхойлолт авсан байна.

Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараа нь хэд хэдэн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байх тохиолдолд тодорхойлолтыг төрийн захиргааны холбогдох байгууллага тус бүрээс авна. Төрийн захиргааны байгууллагын газар, хэлтсийн дарга, эсхүл түүний орлогч гарын үсэг зурж, уг байгууллагын тэмдэг дарсан тохиолдолд тодорхойлолтыг хүчин төгөлдөрт тооцно.

Тодорхойлолт олгосноос үүдэн гарах хариуцлагыг олгосон албан тушаалтан хүлээнэ. Тодорхойлолтыг 3 хувь үйлдэх бөгөөд түүнийг олгосон байгууллагад онцлог барааг нэвтрүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд болон гаалийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагад тус бүр 1 хувь үлдэнэ. Гаалийн байгууллагатай сүлжээнд холбогдсон байгууллагууд тодорхойлолтыг гаалийн байгууллагад сүлжээгээр ирүүлж болно.

Тодорхойлолт олгосон төрийн захиргааны байгууллага онцлог бараанд таних тэмдэг тавих буюу битүүмжилсэн байх шаардлагатай бөгөөд тэмдэг, битүүмжлэлийн хэв загварыг гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдсэн байна. Тодорхойлолтод дурдсан нөхцөл, зорилгоор гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд “Гаалийн хилээр нэртрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын дагуу хяналт тавьж, бүрдүүлэлт хийнэ.

Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг /цаашид “онцлог бараа” гэх/ барааг Гаалийн хилээр нэвтрүүлэхэд журмыг мөрдөнө.

Тодорхойлолт олгох байгууллага

Онцлог барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд төрийн захиргааны дараахь байгууллагаас тодорхойлолт авсан байна:

Геологи, эрдэс баялагийн чиглэлээр хийгдсэн судалгааны дээж, материал /зураг, өрмийн дээж, геологийн тайлан, мэдээлэл хадгалах хэрэгсэлд буулгасан судалгааны бичиглэл зэрэг/ -Ашигт малтмалын газар;

Газрын тосны чиглэлээр хийгдсэн судалгааны материал /зураг, өрмийн дээж, геологийн тайлан, мэдээлэл хадгалах хэрэгсэлд буулгасан судалгааны бичиглэл зэрэг/ - Газрын тосны газар;

Батлан хамгаалах асуудалтай хамааралтай судалгаа шинжилгээ, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн материал –Батлан хамгаалах яам;

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний сорьц дээж – Байгаль орчин, аялал, жуулчлалын яам;

Ураны хүдэр, түүний баяжмал, цацраг идэвхит химийн элемент болон цацраг идэвхит изотоп /хуваагдагч буюу баялаг химийн элемент болон изотоп орно/, тэдгээрийн нэгдэл, тэдгээрийг агуулсан хольц, үлдэгдэл, БТКУС-ийн зүйл 28.44-т зааснаас бусад изотоп, тэдгээрийн химийн хувьд тодорхойлогдсон буюу органик биш нэгдэл зэргийн дээж, сорьц –Мэргэжлийн хяналтын ерөнхий газар;

Лабораторийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар өсгөвөрлөх, үржүүлэх өвчин үүсгэгч нян, түүний хорны дээж, эрүүл хүний ийлдэс, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай донорын цус, дархлалын хувирмал бэлдмэл, бичил биетний өсгөвөр, эмийн зүйл зэргийн дээж, сорьц – Эрүүл мэндийн яам;

Палеонтологийн болон археологийн олдворын дээж, сорьц – Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам;

Үнэт металл, эрдэнийн чулууны дээж – Үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Сорьцын улсын хяналтын алба;

Бүх төрлийн мал амьтны үр хөврөл, үржлийн өндөг, цус болон цусны ийлдэс, төрөл бүрийн эмгэг төрүүлэгч хорхой шавьж, бичил биетний өсгөвөр, амьтны хүүр, сэг, ялгадас, хөрс, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн зэргийн сорьц, дээж – Мэргэжлийн хяналтын ерөнхий газар;

Согтууруулах ундаа, тамхины дээж – Гадаад харилцааны яам.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax